News Details

View all news

ТЭРБУМ МОД АВРАХ “ЭРҮҮЛ ОЙ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

09/23/2022

“Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөл үзэглэв /2022 оны 9 дүгээр сарын 23/. Энэхүү төсөл нь энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Талууд “Эрүүл ой” төслөөр Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зэрэг нийтлэг зорилтуудыг дэвшүүлж байна. 

Шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна. БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийгддэг ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн байна. Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно гэж  дүгнэжээ.    

Иймд Рио Тинто компанийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийж, шинэлэг бөгөөд олон улсын шилдэг арга, техникийг нэвтрүүлэх замаар үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.  

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилж буй тус төслийг хэрэгжүүлснээр ой модыг хамгаалж ан амьтан, ургамлын төрөл зүйл устах, цэвдэг хайлан гадаргын усны нөөц багасах, хуурайшил үүсэх зэрэг аюулаас хамгаалж ой мод дахин ургах чадваргүй болохоос сэргийлэх юм.   

“Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны гэрээнд зурах ёслолыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс нар үг хэллээ.  

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр нэмэгдэж байгаа хөнөөлт шавжийн тархалтыг зогсоож, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулж, дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлснээр тэрбумаар тоологдох модыг аврах”-ыг зорьж байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм.  

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Рио Тинто компани нь ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг гол зарчмаа болгодог. Тиймээс ч Монгол улсын ой модыг хамгаалж, ногоон ирээдүйг бүтээлцэх зорилгоор төслийг хамтран боловсруулж 7.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. БОАЖЯ болон энэ чиглэлээр мэргэшсэн “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран ажилласнаар төслийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэдгийг  тодотгосон.  

ОУБХН-ийн Хөтөлбөрийн захирал, Тодд Койнингс: “Монгол Улсын одоо байгаа ойн нөөцийг хадгалж, хамгаалахын тулд  манай байгууллага дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг уг төсөл дээр ажиллуулах болно. Учир нь ойн сангаа тогтвортой хадгалах нийтлэг зорилгын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх практик туршлагаар батлагдсан шилдэг арга зүйг нутагшуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд энэхүү төр-хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон” хэмээн онцлов. 

Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио Тинто, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож Монгол орны байгаль орчны салбар, ойг хамгаалах чиглэлд уг төслийг хэрэгжүүлж, хортон шавжаас үүдэлтэй ойн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах болсонд баяр хүргэн төслийн цаашдын хэрэгжилтийг дэмжин хамтран ажиллах талаар саналаа хүргүүллээ.

Холбоо барих

“Рио Тинто Монгол” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Баяржаргалын Дашням
dashnyam.bayarjargal@riotinto.com
+976 94042241

Category: Oyu Tolgoi


Multimedia Files:

View all news